БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсэгчдийн

БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсэгчдийн чех хэлний шалгалт өгөх журам (2010 оны 7-р сарын 1-ээс хүчинтэй)

ШАЛГАЛТЫН ӨМНӨ

А) Нэгдсэн журмаар тогтоосон хуваарь

Чех хэлний шалгалт нь Бүгд Найрамдах Чех улсын нутаг даяар лхагва гариг бүрт, сар болгоны 2 дахь бямба гаригт (улсын баярын өдөр таарахгүй бол) явагдана. Дотоод яамны Эрхийн бичиг эсвэл Шалгалтанд унасан тухай тодорхойлолтгүйгээр шалгалтанд орохыг хүсэгч нь шалгалтыг жилд зөвхөн 2 удаа хавар, намар буюу 3-5 эсвэл 9-11-р сарын бямба гаригт сургуулиас заасан хуваарийн дагуу өгч болно.

Б) Шалгалтанд хэн бүртгүүлж болох вэ?

Шалгалтанд БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсэгчид нь давуу эрхтэйгээр бүртгүүлнэ. Та доорх бичиг баримтыг бүрдүүлэх үүрэгтэй:

а) Дотоод яамнаас олгосон шалгалт үнэ төлбөргүй өгөх Эрхийн бичиг,

эсвэл

б) Шалгалт амжилтгүй өгсөн өдөр сургуулиас олгосон Шалгалтанд унасан тухай тодорхойлолт.

Хэрэв Танд а) эсвэл б)-д заасан баримтын аль нь ч байхгүй бол зөвхөн хавар эсвэл намрын шалгалтанд бүртгүүлж болно. Шалгалт авах бямба гаригийн өдөр цагийг сургууль товлоно.

В) Шалгалтанд хэзээ, хаана, яаж бүртгүүлж болох вэ?

Та шалгалт авдаг сургуулиудад өөрийн биеэр, утас, факс эсвэл и-мэйлээр шалгалтанд бүртгүүлж болно. Эдгээр сургуулиудын талаарх мэдээлэл болон тэдэнтэй харилцах хаягийг вэб хуудсуудаас [L1](эсвэл www.check-your-czech.com) харна уу. Та Дотоод яамны (www.mvcr.cz) Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасгийн аймаг орон нутаг дахь салбарын ажилтнуудаас шалгалт авч буй сургуулиудын талаар асууж лавлаж болохоос гадна шалгалт өгөх Эрхийн бичгээ авч болно.

Та сонгосон сургуульдаа бүртгүүлж, өөрийн овог нэр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, улсын харьяалал болон гадаад паспортын дугаар зэргийг мэдэгдсэн байх шаардлагатайгаас гадна шалгалт дахин өгч буй тохиолдолд Шалгалтанд унасан тухай тодорхойлолтыг авчрах ёстой. Хэрэв Та биеэр очиж бүртгүүлэхгүй тохиолдолд Үнэмлэх эсвэл Шалгалтанд унасан тухай тодорхойлолтын хуулбарыг шуудан, факс эсвэл мэйлээр явуулах ёстой. Ингэж явуулах тохиолдолд Та эдгээр баримтуудын эхийг шалгалт өгөхөөр ирэхдээ авчирч үзүүлэх шаардлагатай.

Сургуулийн ажилтан эдгээр баримтуудыг шалгаж үзсэний үндсэн дээр хэзээ Танаас шалгалт авахыг хэлж өгнө. Сургууль нөхцөл боломжоо харгалзан Танд шалгалтын хуваарь гаргаж өгөх ба Та шалгалтын хуваарийг баримтлах үүрэгтэй. Сургуулиас Таны хүсэл шаардлагыг харгалзан үзэж болох ч бас заавал нийцүүлэх албагүй.

Г) Шалгалтын хураамж

Хэрэв Та чех хэлний шалгалт үнэгүй өгөх Эрхийн бичигтэй бол нэг шалгалтыг үнэгүй өгөх эрхтэй. Шалгалтыг давтан өгөх тохиолдолд шалгалтын хураамж 1500 чех кроныг төлнө. Энэ хураамжийг шалгалт болохоос өмнө төлсөн байх шаардлагатай.

Д) Сорилын шинэ хэлбэр

БНЧУ-д байнга оршин суухыг хүсэгчдэд зориулсан чех хэлний шалгалт нь бичгийн болон аман гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Бичгийн шалгалтаар унших, сонсох, бичихийг сорьж үзэх ба 70 минут үргэлжилнэ. Бичгийн шалгалтанд тэнцэхийн тулд Та нийт 60 онооноос 36-аас доошгүй оноо авсан байх шаардлагатай.

Хэрэв Та бичгийн шалгалт амжилттай өгвөл дараа нь 10 минут үргэлжлэх аман шалгалтанд орно. Нийт авч болох 20 онооноос доод тал нь 12 оноо авсан байх шаардлагатай

Шалгалтын загварыг эндээс эсвэл www.check-your-czech.com вэб хуудаснаас харж болно. Шалгалтын хэвлэж бэлтгэсэн загварыг сургуулиудаас, Дотоод яамны (www.mvcr.cz) Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасгийн аймаг орон нутаг дахь салбаруудаас эсвэл Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих төвүүдээс авч болно. Шалгалтанд орохыг хүсэгчдэд зориулан Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү шинэ гарын авлагыг гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Шинэ гарын авлага хэсгээс харна уу.

Шалгалтын өдөр

  • Та бүртгүүлэхдээ өөрийн гадаад паспорт, Эрхийн бичиг эсвэл Шалгалтанд унасан тухай тодорхойлолтын эхийг авчирна.
  • Хэрэв Та шалгалтанд хоцорч ирвэл шалгалтанд оруулахгүй бөгөөд шалгалт өгөх өөр өдөр цагийг сургуультай тохиролцох хэрэгтэй.
  • Бичгийн болон аман шалгалт авах танхимд ороход Танд тусгай дугаар олгоно. Шалгалт авч буй багш Таныг зөвхөн дугаараар танихаас бус овог нэр болон өөр бусад хувийн мэдээ мэдээллийг мэдэх ёсгүй.
  • Шалгалт авах танхимд орсны дараа шалгалт авч буй багш Таныг заасан газарт суулгана. Та ширээн дээр гадаад паспортаа дугаартай цаасны хамт тавих бөгөөд бичгийн шалгалтын туршид ширээн дээр ил байж байх ёстой.
  • Шалгалт авах танхимд Та гар утсаа унтраана уу.
  • Та цүнх, ном, толь бичиг, дэвтэр, бичлэгийн тоног төхөөрөмж, гар утас болон эд зүйлсээ бусдад харагдахаар, гэхдээ өөрөөсөө холхон тавина.
  • Бичгийн шалгалтын үеэр шалгалт авч буй танхимаас гарч явахыг хориглох тул шалгалтанд орохоос өмнө бие засах зэргийг зөвлөж байна.
  • Та шалгалт авах танхимд зөвхөн сургуулийн ажилтны заавар зөвшөөрлөөр орж болно.
  • Бичгийн шалгалт дууссаны дараа Та шалгалтанд хийсэн бүх ажлаа (хариултын хуудас ба даалгавар) дугаартай цаасны хамт хураалгана.
  • Бичгийн шалгалтын дүнг хэзээ хаанаас авч болохыг бичгийн шалгалтын үеэр Танд хэлж өгнө.
  • Хэрэв Та бичгийн шалгалтанд унасан бол шалгалтыг дөрөв дараалан давтан өгч болно. Шалгалтыг давтан өгөх бүртээ хураамж төлөх ёстой. Шалгалт амжилтгүй өгөх тохиолдолд сургуулийн ажилтан Танд Шалгалтанд унасан тухай тодорхойлолт өгнө. Энэ тодорхойлолтыг дараа дахин шалгалт өгөхөөр бүртгүүлэхдээ үзүүлэх шаардлагатай. Уг тодорхойлолт байхгүй нөхцөлд давтан шалгалтыг удаан хугацаагаар буюу ихэвчлэн 6 сар хүлээх тохиолдол ч гардаг.
  • Бичгийн шалгалт амжилттай өгсөн бол Та аман шалгалтанд орох дэс дарааллаа сугална. Тахир дутуу, согог гэмтэлтэй болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд аман шалгалтанд түрүүлж орох эрхтэй.
  • Дэс дараалал сугалсны дараа сургуулийн ажилтан Танд хэдэн цагт, хаана шалгалт болохыг хэлнэ. Аман шалгалтанд ирэхдээ болзсон цагийг нарийн баримтална.
  • Аман шалгалт болж буй танхимд орохоос өмнө Та гадаад паспортаа үзүүлж, дугаар дахин авна.
  • Аман шалгалт дууссаны дараа шалгалтын дүнг хүлээнэ.

ШАЛГАЛТЫН ДАРАА

  • Аман шалгалт амжилттай өгсний дараа Танд Чех хэлний мэдлэг тодорхойлсон Гэрчилгээг олгоно.
  • Хэрэв Та аман шалгалтанд унавал шалгалтыг дөрөв дараалан давтан өгч болно. Шалгалтыг давтан өгөх бүртээ хураамж төлөх ёстой. Шалгалт амжилтгүй өгөх тохиолдолд сургуулийн ажилтан Танд Шалгалтанд унасан тухай тодорхойлолт өгнө.
  • Хэрэв Та давтан шалгалтыг тэр сургуульдаа давтан өгөхөөр шийдвэл Шалгалтанд унасан тухай тодорхойлолтоо авмагц дараагийн шалгалтанд бүртгүүлж, өдөр цагаа тохиролцох хэрэгтэй.
  • Горилогч нарт шалгалтын талаар буюу өгөгдсөн даалгавар болон хариулт материалыг үзэж болохгүй гэдгийг анхааруулж байна!
 
 
Na vzniku těchto stránek se podílejí Ministerstvo vnitra, Ministerstvo práce a sociálních věcí a Ministerstvo školství, mládeže a tělovýchovy.
Obsah stránek a jejich provoz zajišťuje Národní ústav pro vzdělávání.
© 2008 - 2012