Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтын албан ёсны хуудсанд тавтай морилно уу.

Энэ цахим хуудас нь БНЧУ-д байнга оршин суух ​​өргөдөл гаргаж, чех хэлний шалгалт өгөх гадаадын иргэдэд зориулан тодорхой, бүрэн мэдээллийг хүргэж байна.

A1 ТӨВШИН

А1 төвшний шалгалт нь 2021 оны 8-р сарын 31-ний дотор байнга оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэдэд зориулагдсан.

А1 төвшний шалгалтын тухай мэдээлэл
A2 ТӨВШИН
А2 төвшний шалгалт нь 2021 оны 9-р сарын 1-ээс хойш байнга оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэдэд зориулагдсан.
А2 төвшний шалгалтын талаарх мэдээлэл

АНХААР, энэ мэдээллийг уншина уу! БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR) нь байнга оршин суух өргөдөл тус бүрийг нэг бүрчлэн хянан үзнэ. Хэрэв та 2021 оны 8-р сарын 31-ний дотор гаргасан өргөдөлдөө байнга оршин суух зөвшөөрөл авах бүх нөхцөлийг хангаагүй бол (жишээлбэл: БНЧУ-д 5 жил амьдарснаа нотлоогүй гм) OAMP MV ČR таны байнга оршин суух өргөдлийг татгалзах ба 2021 оны 9-р сар болон түүнээс хойш гаргасан өргөдөлд илүү өндөр буюу A2 төвшний шалгалт өгөх шаардлагатай. Тиймээс та A1 төвшний шалгалт өгөхийн тулд 2021 оны 8-р сарын 31-ний дотор байнга оршин суух өргөдлийн бүх нөхцөлийг хангаж байгаа эсэхийг сайтар тунгааж үзээрэй.

Түгээмэл асуултууд

А1 төвшний шалгалт хэдий хүртэл хүчинтэй вэ?

2021 оны 8-р сарын 31-ний дотор байнга оршин суух өргөдөл гаргасан бүх хүмүүс өргөдөлдөө А1 төвшний шалгалт өгсөн гэдгээ баталж болно. Хэрэв та энэ өдөр хүртэл шалгалт өгсөн тухай гэрчилгээ хавсаргаагүй бол 2021 оны намрын шалгалтын хуваариас сонгож болно.

Анхаар! Өргөдөл тус бүрийг нэг бүрчлэн хянан үзэх бөгөөд өргөдөл гаргах үедээ хуулиар заасан бүх нөхцөлийг хангасан байх ёстой (жишээлбэл: нутаг дэвсгэр дээр 5 жил тасралтгүй оршин сууж байсан гм) буюу бүх нөхцөлийг биелүүлсэн гэдгээ нотлох ёстой. Заасан нөхцөлийг хангаагүй тохиолдолд таны байнга оршин суух өргөдөлд татгалзсан хариу өгч болох ба дараа нь та А2 төвшний шалгалтыг өгөх шаардлагатай болно.

А2 төвшний шалгалт хэзээнээс хүчинтэй вэ?

Байнга оршин суух өргөдөл гаргах он сар өдөр чухал. Хэрэв та 2021 оны 9-р сарын 1 болон түүнээс хойш өргөдөл гаргасан бол зөвхөн А2 төвшний шалгалтыг л өгөх болно. А2 төвшний шалгалтын эхний хуваарийг 2021 оны 11-р сард байхаар төлөвлөж байна.

БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR) байнга оршин суухад зориулсан А1 төвшний шалгалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байж болох уу?

Болно. Байнга оршин суух өргөдөл бүрийг нэг бүрчлэн хянан үзнэ. Хэрэв та 2021 оны 8-р сарын 31-ний дотор гаргасан өргөдлийн бүх нөхцөлийг хангаагүй бол (жишээлбэл: БНЧУ-д 5 жил тасралтгүй амьдарснаа нотлоогүй гм – оршин суусан хугацааг шалгахад өргөдөл гаргасан он сар өдөр ямагт чухал байдаг) таны байнга оршин суух өргөдлийг татгалзах ба 2021 оны 9-р сар эсвэл түүнээс хойш гаргасан өргөдөлд илүү өндөр буюу A2 төвшний шалгалт өгсөн гэрчилгээг хавсаргах ёстой.

Олгосон гэрчилгээ ямар хугацаанд хүчинтэй вэ?

Гэрчилгээний хугацаанд хязгаар байхгүй, гэхдээ та өөрийн нөхцөл байдалд тохирсон зөв гэрчилгээтэй байх ёстой. Энэ жилийн намар А1 төдийгүй А2 төвшний шалгалтыг зэрэг авна. А1 болон А2 төвшний гэрчилгээ нь адилхан байх бөгөөд төвшнийг тусгай кодын дагуу тэмдэглэнэ. Байнга оршин суух өргөдөл гаргах он сар өдөр чухал гэдгийг дахин сануулъя. Өөрөөр хэлбэл 2021 оны 9-р сарын 1-ээс А2 төвшний шалгалт өгсөн тухай гэрчилгээг хавсаргах ёстой.

Шалгалтад бүртгүүлэхээс өмнө байнга оршин суух өргөдөл гаргаж болох уу?

Та шалгалт өгөөгүй ч байнга оршин суух өргөдөл гаргаж болно. БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR)-аас захиргааны үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд өргөдөлд нэмэлт хийх хугацаа буюу хэдий хүртэл хугацаанд шалгалт өгөх ёстойг танд тодорхойлж өгнө. Ямар ч тохиолдолд Бүгд Найрамдах Чех Улсын нутаг дэвсгэр дээр 5 жил тасралтгүй оршин суусны дараа байнга оршин суух өргөдлийг гаргаж болно.

Хэрэв би гэрчилгээг одоо хүртэл авчирч өгөөгүй бол хэдий хугацааны дараа шалгалт өгсөн тухай гэрчилгээг авчрах ёстой вэ? Жишээлбэл А1 төвшний шалгалтын хуваарь хангалтгүй байх тохиолдолд энэ хугацааг сунгаж болох уу?

Шалгалт өгч болох нөхцөл байдлыг харгалзан танд БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR) тодорхой хугацааг зааж өгнө. Өөрөөр хэлбэл шалгалтын хуваарь байхгүй эсвэл өөр бодит шалтгаанаас уг шалгалтыг өгч болохгүй гэдгийг нотолбол OAMP MV ČR үүнийг харгалзан үзэх ба хэзээ гэрчилгээ авчрах ёстой хугацааг заах эсвэл сунгана. Ийм учраас гэрчилгээ авчрах ёстой энэ хугацааг шалгалт авах байгууллагын байдалтай уялдуулан авч үзнэ. OAMP MV ČR-ийн өгсөн хугацаа хангалтгүй бол сунгаж өгөхийг хүсэж болно.

А2 төвшний шалгалт ямар үнэтэй вэ?

Шалгалтын үнэ 2500 чех крон. БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR)-аас өгсөн үнэмлэхийн үндсэн дээр эхний шалгалт үнэ төлбөргүй.

Үнэмлэх ямар хугацаанд хүчинтэй вэ?

Үнэмлэхийн хугацаанд хязгаар байхгүй. Хэрэв гадаадын иргэнд үнэмлэх олгогдсон бол аль шалгалтад хэрэглэхээ шийдэж болно. Үнэмлэхийг зөвхөн нэг удаа ашиглаж болно! Хэрэв та үнэмлэхийг А1 төвшний шалгалтад ашиглавал А2 төвшний шалгалтын төлбөрийг өөрөө хариуцна.

Миний байнга оршин суух өргөдөл гаргах хугацаа 2021 оны 9 / 10-р сард буюу яг энэ үеэр 5 жил оршин суух болзлыг хангаж байна. А2 төвшний шалгалтад хэзээ, хаана бүртгүүлж болох вэ?

А2 төвшний шалгалтын эхний хуваарийг 2021 оны 11-р сард гаргахаар төлөвлөж байна. Иймээс энэхүү албан ёсны цахим хуудас болон дэс дараатай нийтлэх А2 төвшний шалгалтын талаарх мэдээллийг дагаарай. Наймдугаар сарын сүүл хүртэл байнга оршин суух өргөдөл гаргасан бүх хүмүүс 2021 оны 9, 10-р саруудад А1 төвшний шалгалтыг өгөх боломжтой. Бид А1 төвшний шалгалтыг олон хүн сонирхоно гэж таамаглаж байгаа бөгөөд 9, 10-р сард А1 төвшний шалгалтад зориулсан хуваарийг гаргахад голчлон анхаарна..

Мөн та Карлын их сургуулийн Хэл мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Гадаад иргэдэд зориулсан чех хэлний баталгаат шалгалт (CCE)-аар байнга оршин суухад зориулсан чех хэлний мэдлэгээ батлах боломжтой.

А2 төвшний шалгалт хэрхэн явагддаг вэ?

Шалгалт нэг өдрийн турш явагдана. Шалгалт өгсөн өдрөөс хойш 9 хоногийн дотор та дүнгээ мэдэх болно. Ойролцоогоор 15 минут үргэлжлэх аман шалгалт хамгийн чухал юм. Та дүрэм сайн мэдэх шаардлагагүй ч өдөр тутмын амьдралын ердийн нөхцөл байдалд сайн ойлголцож, харилцах хэрэгтэй. Бичгийн шалгалт нь бараг хоёр цаг үргэлжилдэг бөгөөд унших, сонсох, бичих хэсгээс бүрдэнэ. Хэрэв та шалгалт ямар байдгийг мэдэхгүй, шалгалтад бэлдээгүй бол А2 төвшний шалгалтыг амжилттай өгч чадахгүй. Энэ цахим хуудаснаас та бүх мэдээллийг шат дараатайгаар олж авах болно.

Шалгалтад хэрхэн бэлдэх вэ?

Шалгалтын төвшин дээшилнэ гэж удаан хугацааны турш яригдсан. Өргөдөл гаргагчдын ихэнх нь БНЧУ-д дор хаяж таван жил амьдарсан тул дээгүүр төвшний А2 шалгалтад бэлдэж эхэлсэн гэж бид үзэж байна. Та гадаадын иргэдийн интеграцыг дэмжих төв болон зарим төрийн бус байгууллагуудын БНЧУ-ын бүх аймагт зохион явуулдаг хэлний дамжаанд хамрагдаж болно. Шалгалтад бэлтгэх арга зүйн туслалцааг эндээс авах боломжтой. Нийгмийн сүлжээгээр дамжуулан шалгалтад бас дэмжлэг үзүүлж байна: Facebook – @cestinaprotrvalypobyt, YouTube – Zkouška z češtiny pro trvalý pobyt.

Мэдээж та шалгалтад бэлтгэхийн тулд хэлний сургууль болон бусад байгууллагуудын төлбөрт үйлчилгээг ашиглаж болно. Шалгалтад бүртгүүлэхийг хүссэн хүн бүр дор хаяж 50 цагийн сургалтад хамрагдах эсвэл энэ хугацааг наад зах нь бие даан суралцахад зориулж, манай онлайн туслалцаа дэмжлэгийг ашигласан байхыг зөвлөж байна.